Зүүн Хүрээ Дашчойлин хийд.

Дэлгэрэнгүй

Зүүн Хүрээ

Image

Зүүн Хүрээ

Эдүгээ Зүүн Хүрээ Дашчойлин хийдийн хурал номын үйлийг эрхлэн байгаа хоёр дуган нь Одоогийн Улаанбаатар хот буюу  Эрт үеийн Нийслэл Их хүрээний нэгэн бүрэлдэхүүн хэсэг Зүүн хүрээний Вангай, Эрхэмийн хоёр аймгын дуган мөн бөгөөд  Зүүн Хүрээ Дашчойлин хийдийн үүсэл гарвал, түүхийг бичнэ гэвэл зайлшгүй эдгээр аймгуудын үүссэн түүхийг авч үзэх хэрэгтэй тул энд товчхон өгүүлье.

          Монгол дахь шашины арвидан дэлгэрэлт, мандан бадралын түүх нь далай мэт мэргэд, бүтээлчид, шашиныг ариутган баригчидын гарахуйн орон болсон Номын Их хүрээний түүхтэй салшгүй холбоотой юм. Хутагтын Их хүрээ бол хэдэн зууны туршид монголын хамгийн том хүрээ,хийдүүдийн цогцолбор, шашин мөргөл, улс төр, эдийн засгийн гол төв байсан билээ. Богд Живзүндамбын гэгээнтэнийг таван сүүдэртээ байхад долоон хошуу халхчууд Ширээт цагаан нуурт шашины тэргүүнээ өргөмжлөн залж, шар бөсийн хот өргөөг барьж өргөсөн бөгөөд аажимдаа өргөжин Богдын хүрээ хэмээн нэрлэгдэх болжээ.

          Өндөр гэгээн 1651 онд өргөөнийхөө зохион байгуулалтыг өөрчлөн төвдийн Жамъянцорж Брайбун хийдэд байгуулсан адилаар Андуу нарын, Жасын, Сангай, Зоогоо, Хүүхэн ноёны, Дархан эмчийн, Өрлүүдийн долоон аймгыг анхлан үүсгэн гаргаад, хоёр жилийн хойно буюу 1654 онд Хэнтий уулын өвөрт  Ривогэжайганданшаддублин хэмээх Их хүрээг байгуулжээ.Энэхүү хийд хүрээ нь тоосго, модоор 27 жилийн турш баригдсан боловч 1680 онд Халх-Ойрдын үймээний хөлд үрэгдсэн тул 1706 онд дахин сэргээн босгосон байна. Улмаар Их хүрээний аймгууд дараалан байгуулагдаж 1772 онд номын хүрээг Хүй мандалд буурь сэлгэн буухад 13 аймаг байсанаа 1795 онд 27 болтлоо өсчээ. Хожим XIX зууны эцэс, XX зууны эхээр дахин гурван аймаг тухайлбал хүрээний хамгийн отгон аймаг болох Эх дагины аймаг 1903 онд байгуулагдсанаар их хүрээ нийт гучин аймагтай болсон билээ.1707 онд хүрээ хамбын тушаалыг бий болгож, 1723 онд түүнд тусгай тамга олгожээ. Мөн Их хүрээнээ 1739 онд тарнийн ухаан судлах Дэчингалав дацан, 1756 онд цанид, чойрын гүн ухаан судлах Дашчоймбэл дацан, 1759 онд Жүд дацан, 1760 онд Эмч нарын дацан, 1789 онд Зурхай дацан, 1809 онд Гунгаачойлин дацан, 1806 онд Бадамёго дацан, 1834 онд Майдрын дуган, 1838 онд Гандантэгчинлин сүм, 1844 онд Ламрим дацан, 1910 онд Идгаачойнзинлин дацанг тус тус байгуулжээ. Үүний зэрэгцээ Очирдарь, Нар хажод, Дарь эхийн сүм тэргүүтэн олон тооны мөргөл шүтээний сүм, дуган ч тасралтгүй баригдсаар байсан байна.Их хүрээний дацан, сүм дугануудын барилга нь төвд, хятад, монгол маягын буюу эдгээрийн холимог хэлбэр, загварыг чадмаг хослуулан баригдсан байлаа.

          Их хүрээ нь үндсэндээ Зүүн хүрээ ба Гандан гэсэн хоёр хэсэг дүүрэгт хуваагдаж байсан бөгөөд хүрээний баруун хэсэг болох Далхын дэнж хэмээгдэх Ганданд Буддын гүн ухааны гурван их дацангууд, Y Богд Живзүндамба хутагтын байгуулсан сүм, 80 тохой Жанрайсэгийн сүм зэрэг байрлаж байв.

        Зүүн хүрээнд төвд, монгол үндэсний хэлбэртэй, зуун дөчин баганатай, зуны улиралд хаяагаа тэлэн томосгож болдог Батцагаан хэмээх цогчин дуган, тавин тохой Майдар бурхан залсан өндөр Майдрын сүм, Эмч, Зурхай, Жүд, Дэчингалбын алтан дээвэртэй сүм зэрэг олон тооны гоёмсог сүмүүд, хүрээ гучин аймаг тэргүүтэй хурал номын газар, мөргөл шүтээний сүм дуганууд байрлаж байлаа.

        Эдгээр Хүрээ гучин аймгаас одоо Вангай, Эрхэмийн аймгийн дуганы суурин дээр бид хурал номын үйл ажиллагаагаа сэргээн авч яваан хувьд "Зүүн хүрээ" хэмээх энэхүү эрхэм нэрийг залгамжлан  хэрэглэж байгаа билээ.