Зүүн Хүрээ Дашчойлин хийд.

Дэлгэрэнгүй

Хүрээ Майдар бурханы тайлбар оршивой

Image

Хүрээ Майдар бурханы тайлбар оршивой

Майдар бурхан нь Бурхан багш Шагжмүни дараачаар Замбу тивд залран өөрийн сургаал номоо дэлгэрүүлэх сайн цагийн мянган бурхадын 5 дахь Бурхан юм.
Майдар бурхны тэргүүн дээр залран буй суврага нь түүний багш Бурхан Буддаг бэлгэддэг ба ирээдүйд дээдийн номыг дэлгэрүүлэхийн бэлгэдэл болгож Номын хүрдээр мутрын тэмдэг хийж, удахгүй Замбу тивд заларахын бэлгэдэл болгож хагас суугаа байдлаар залран байдаг бөлгөө. Тийм ч учраас бурхны шашинт орнууд ирээдүй цагийн тус амгалангийн бэлгэдэл болсон Майдар бурхныг бүтээж, ирээдүйн сайн сайхан бүхнээ даатган дээдлэж, шүтэж ирсэн уламжлалтай.
Их Монгол оронд  бурханы шашин анх дэлгэрсэн цаг үеэс бидний өвөг дээдэс Майдар бурханыг зурмал, цутгамал, том жижиг янз бүрийн хэмжээгээр бүтээн залахын зэрэгцээ Майдарын 5 аймгийн ном судар тэргүүтэнийг судалж суралцаж байсан билээ. Мөн анхдугаар Богд Өндөр гэгээн Занабазар болон түүний шавь нар Майдар бурханыг маш уран сайхнаар бүтээж орон хийдүүдэд залж нийтээр шүтэн ирээдүй цагийн бурхантай уулзахыг ерөөлийг тавьж байжээ.
Хутагтын Их хүрээнд Майдар бурхныг 1820-1836 оны хооронд 5-р Жэвзүндамба хутагт Лувсан-Чүлтэм-Жигмэд-Дамбий-Жанцан богдын санаачилгаар олноо “Жадарын их ханбо Агваанхайдав” хэмээн алдаршсан хамба номон хан Лувсанхайдав голлон байгуулжээ. Майдар бурхныг бүтээх их ажил өрнөн байх тэр үед ажлыг голлон удирдаж байсан хамба номон хан Лувсанхайдавт энэхүү үйлс бүтэлтэй сайн болохын олон сайхан шинж, бэлгэ тэмдэгүүд  үзэгдэж байсан гэдэг. Ялангуяа нэгэн удаад гэрийн гадаа нь үл мэдэгдэх бурхны  өлмийн мөр  тодоос тод үлджээ. Хамба номон хан тэрхүү мөрийг сайтар үзэж шинжилсэний  эцэст Майдар бурхны мөр болохыг тогтоон, тэрхүү өлмийн мөрний хэмжээнд үндэслэн, бүтээж буй Майдар бурхныхаа тиг хэмжээг тогтоосон ба энэ нь 5 настай балчир хүүхдийн тохойгоор хэмживэл 80 тохой болно хэмээн  үзэж 80 тохой Майдар бурхныг дуганы хамт бүтээсэн түүхтэй. Майдар бурхныг Долнуур хотод урлуулжээ.
Майдар бурхны дуган нь Монгол, Төвд, Хятад үндэстэнүүүдийн уран барилгын онцлогийг нийлмэл цогц болгон тусгасан хэдий ч үндэснийхээ хэв шинжийг түлхүү хадгалсан 3 давхар модон дуган байсан.
Уг Майдар дацан нь шүтээн мөргөлийн дацан  байсан бөгөөд гол ядам нь Гүнрэг, сахиус нь Гомбо, дуганы баруун зүүн хананд 10,000 цутгамал бурхад сэлтийг залсан, ховор нандин номын сан тэргүүнтэн баялаг сан хөмөргөтэй байв. Өдөр тутмын хурал номын үйлийг аль нэг аймгийн дуганд харяалагддаггүй шууд Богдын ивээлд байдаг 20 лам эрхэлдэг  ба жил бүрийн “Майдар эргэх” зан үйлийг голлон гүйцэтгэдэг байжээ.


Майдар бурхны өлзий хутаг орших болтугай.